ҮҮЛЭЭ ДАГАНА АА

2020 оны 06 сарын 12

Тахийн талд ажил амьдрал буцалсан хаврын нэгэн өдөр утас жингэнэн дуугарахад нь яаран авсан чинь Говь-Алтайн Цаг уураас Бат-Өлзий ах нь байна гэж байна. Мэнд мэдэлцэн ажил төрөл, хаваржилтын байдлаа хоёр талаасаа сурагласны дараа Бат-Өлзий ах 5-р сарын 22-ны шөнө томоохон үүлний фронт танай нутгаар шүргэн өнгөрөх нь тодорхой тул манай “Алтай бороо 2” цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедице очиж бороо оруулах төлөвлөгөөтэй гэв. Миний баярласан гэж жигтэйхэн шууд л уриалгахнаар танайхан хүрэлцэн ирнэ үү хэмээн уриад орхив.

Би ч энэ энэ нутагт хур бороо оруулна хэмээн айлдсан лам ч байсан л урьж ном судар уншуулж байгаад салхи гаргасан хэрэгт ороод авсан нь цөөнгүй.

Тэнгэрийн хурыг газарт буулгадаг нөхдийг ирэхээр товлосон өглөө эртлэн бостол бөөн хар үүл Барлагын амнаас нүүгэлтэн ирж урд говьруугаа суугаад л юу юугүй борооших шинж ортол зарим нэг нөхөд маань тэднийг ирэхээс өмнө бороо орох нь тодорхой боллоо тэдний хэрэг байна уу хэмээн түргэн ам гаргав. Би бороо л орж байвал яамайдаа хэмээн бодоод дуугай л байлаа. Тэнгэр бүрхэг өдөр нарны хэдэн цэнэг хураагуурын минь хүч нь суларч оффиссын ажил ямар хийлгэх биш би шууд л жолооч, мэргэжилтэнгээ дагуулаад л тахийн сүргээ эргэхээр зэлнээсээ алдуурсан унага шиг Тангадын харын чиглэлд Дархан нэртэй тахийн азарганы сүрэгт мэндэлсэн 4 унаганы эхийг нь тодорхойлоё хэмээн зориг шулуудан давхилаа.

Говьруугаа битүү будан сууж алсын бараа 1000м-т харагдахгүй болж, будангаасаа жижиг усан дуслууд хааяахан хаялж эхэлсэн тул бид аяллын зорилгоо өөрчилж Гүнтамгаар орж улсын аварга малчин Ц.Данзандорж тэргүүтэй хэдэн айлуудаар орж говь нутагт алтнаас үнэтэйд тооцогддог булаг, шандыг хамгаалах талаар тэдний саналыг аваад буцлаа. Гүнтамга орчимд үдээс хойш болтол будан татаад л, шиврээд л байгаа мөртлөө газарт унасан олигтой бороо гэж орсонгүй. Биднийг 30 км гаруй яваад Тахийн талдаа эргэн иртэл энд бороо огт дусаагүй байсан тул Бат-Өлзий ахын багийг сураглатал Бугатаас ингэсгээд гарлаа гэж байна шүү.

Оройхон 20:00 цаг өнгөрөөгөөд Говь-Алтайн цаг уурын С.Бат-Өлзий ахлагчтай С.Бат-Цэцэг, Б.Бат-Эрдэнэ нар болон Бугатын цаг уурын станцын дарга Ч.Бат-Мөнх нар хүрэлцэн ирэв. Хэдэн жил дараалан “Байгаль орчны шинэ жил” хамт тэмдэглэсэн болоод ч тэр үү тэд бүгдээрээ л ах, дүү шиг танил дотно санагдан дуу шуутайхан уулзалдлаа шүү. Хоол унд идсэнийхээ дараа би жаахан яараад л хэзээ бороогоо оруулах вэ гээд асуулаа. Бат-Өлзий ах жаахан жуумалзан инээснээ Ховдын Алтай, Үенч сумдад үүлэнд нөлөөлөн бороо оруулаад эхэлсэн тул хэдэн цаг хүлээгээд шөнө дунд ажилдаа орно доо гээд Бугат суманд хэвлэж ирсэн үүлний зургаа бидэнд харууллаа. Шинжлэх ухаан, тэр тусмаа цаг уур үнэхээр сайхан хөгжсөн болохыг үүлний зурагнаас тодхон харагдлаа. Яг л 24 цаг гэхэд борооны үүл баруун урдуур өнгөрөхөөр харагдав. Ингээд ахмад байгаль хамгаалагч Б.Батсуурийгаа оролцуулаад 5 “Бат”-тай, ганц “Ган”-тай шинэхэн баг бүрдүүлэн Дархан цаазат газрын Хөндлөн уул орчмоос үүлэнд нөлөөлөхөөр тохиролцож яаран хөдөллөө. Зам зуур бороо оруулах нь “БАТ” биз дээ, орохгүй бол “ГАН” болно шүү хэмээн хөгжилдөн ярьсаар төд удалгүй болзоот газраа ирлээ. Миний хувьд тэнгэрт байгаа үүлийг ур ухаанаар бороо болгох үйлдэлд анх удаа оролцож байгаа тул их л сонин санагдав. Мөн нэг бүр нь 500,000 төгрөгний үнэтэй байдаг пуужингийн сумыг нь хүртэл барьж үзэн зургаа татуулаад авлаа шүү.

Бат-Өлзий ах багийнхантайгаа хамтран бэлтгэл ажлаа шуурхай базаагаад УБ хот дахь төвөөсөө сансрын утсаар залган зөвшөөрөл авсаныхаа дараа баруун урд зүгт чиглүүлэн пуужингийн сумаа тавьлаа. Эхлээд хүчтэй дуу чимээ гарч гэрэл гялбан пуужингийн сум бөөн хар үүлрүү орсоныхоо дараахан хагас мөчийн дотор пин хийх их чимээ гаргаж иодот мөнгөө үүлэнд цацлаа.

Өдөржин нэг л орж өгөхгүй байсан бороо хэдхэн мөчийн дотор шаагин орж эхэлсэнд миний сэтгэл үнэхээр хөдөллөө.

Тэр шөнө “Алтай бороо 2” цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийнхэн гурвантаа сумаа үүлрүү илгээж сайхан бороо оруулж эхэлэхэд шөнийн 2 цаг аль хэдийн болсон байлаа. За та хэд минь манай энд сайхан амраад явах уу гэсэн чинь бид “ҮҮЛЭЭ ДАГАНА АА” хэмээгээд яаран хөдөллөө.

Тэдний ажлын үр дүнг маргааш шалгахаар Хонь усруу ортол машинаа арай л шаварт суулгалгүй гарч ирлээ. Ган тайлж, газар дэлхий нэвчтэл бороо орсон байлаа.

“Алтай бороо 2” цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийнхэндээ ажлын өндөр амжилт хүсэж хур бороо дутагдах үеэр дахин морилон ирээрэй хэмээн уръяа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now