тахь тээвэрлэлт 2017

2017 оны 07 сарын 17

ГИДЦГ-ЫН “Б” ХЭСГИЙН НУТАГТ МОНГОЛ ТАХЬ СЭРГЭЭН НУТАГШУУЛЖ БАЙГАА АЖЛЫН ТАЛААР

 

2017 оны 7 сарын 03-ны байдлаар ГИДЦГ-ын “Б” хэсэгт 194 тоо толгой тахь 15 үржлийн сүрэг, 2 үрээний сүрэгт хуваагдан Бижийн голын адаг, Гашуун хар, Гүнтамга Хонь ус, Тахь ус, Ёлхон хүртэлх уудам орон зайд идээшлэн нутаглаж байна. Нийт 50 гаруй гүү хээлтэй гэж тодорхойлсон. Өнөөдрийн байдлаар 32 гүү унагалснаас 28 тахийн унага эсэн мэнд бойжиж байна. Сэргээн нутагшуулж байгаа бүх тахиуд оноосон монгол нэртэй, олон улсад бүртгэгдсэн удмын дугаартай. Тахиудын жижиг популяцид хамаарах бодгалиудын ихэнхи нь Зүүнгарын говьд мэндэлсэн(80%), амьдрах орчноо маш сайн мэддэг, говийн цаг агаар, экосистемд бүрэн дасан зохицож байна.

ГИДЦГ-ын “Б” хэсгийн нутагт сэргээн нутагшуулж байгаа бүх тахиудаас хомоолны дээж авч генетикийн мэдээлэл тодорхойлох ажлыг 7 сараас эхлүүлэн хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Тахийн тоо толгойн хөдлөл зүй, улирлын шилжилт хөдөлгөөн, зарим зан төрхийн онцлогийг судлах зорилгоор 2003 онд Олон улсын тахь групп төслөөс судлаач, мэргэжилтэн, байгаль хамгаалагчдад тохирсон судалгааны энгийн арга зүйг боловсруулсан. Энэ арга зүйн хэдий энгийн боловч цаашид задлан авч үзэхэд тахийн популяцын демографи, сүрэглэлт, сүргийн бүтцийн өөрчлөлт, өдөр, 7 хоног, сар, улирлын шилжилт хөдөлгөөн, дасан зохицох байдал гэсэн бүх мэдээллийг задлан гаргахаар хийж байна.

Судалгааны мониторингийг тасралтгүй хугацаанд хийсний дараа тахийн тоо толгойн хөдлөл зүй, сүргийн шилжилт хөдөлгөөн зэрэг мэдээ материал эмх цэгцтэй хуримтлагдаж байна

            Судлаач/байгаль хамгаалагч бодгаль тахь эсвэл сүргийг ажигласны дараа огноо, цаг хугацаа, сүрэг эсвэл тахийн нэр, тоо толгой (бие гүйцсэн, унага гэж ялган бичих), байршил (газрын нэр, оноосон цэгийн байршлыг үсэг, тоогоор оруулах), ажигласан цэгээс тахь эсвэл сүргийн идээшилж байсан зай/метр, тахийг ажиглах үед гарсан зан төрх, сүргийн доторхи өөрчлөлт, ойрхон байсан амьтан, хөдөлгөөн зэрэг ажиглагдсан зүйлийн талаар мэдээлэлээ цуглуулдаг байсан бол энэ оны 3-р сараас эхлэн зарим шинэчлэл хийж GPS болон өнцөг хэмжигчийг хослуулан ашиглаж тахийн мониторингийн ажлыг тогтмол хэрэгжүүлж байна.

Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн Тал, Говийн Их Дархан Цаазат Газрын “Б” хэсэгт 2017 оны 06 сарын 20 –нд Бүгд найрамдах Чех улсын Праг хотын амьтны хүрээлэнгээс 4 тахийг 6 дахь жилдээ амжилттай тээвэрлэлээ. Энэ удаагийн тээвэрлэлт нь “Тахь” эх нутагтаа ирсэнийн 25 жилийн ойтой давхцаж байна. Тахийг Чех улсын нисэх хүчний онгоцоор Ховд аймгийн Булган сум хүртэл 30 гаруй цаг шууд тээвэрлэн авч ирсэн. Манай хил, гаалийнхан түвэг удалгүй түргэн, шуурхай үйлчлэв. Онгоцноос буулгаад 240 гаруй км-т ачааны тэргээр 5 цагийн турш явж Тахийн талд ирсэн. Шинээр ирсэн тахиудын нэрийг Нааяа, Рооми, Чантуу, Сарангуа гэдэг.

 

 

 

 Энэ ажлыг олон улсад суртачлахаар REUTERS агентлаг, Чехийн радио, Чехийн NOVA TV , амьтны хүрээлэнгийн зурагчин , Монгол улсын “Хүрээлэн” амьд ертөнц цувралын кино зургийн баг мөн Монголд тээвэрлэн ирж буй Тахийн талаар виртуал кино хийхээр Австралын уран бүтээлчид зэрэг олон улсын сэтгүүлч, зураглаачдын баг тус тус ажиллсан.

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now